Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/21

Өөх тос ихтэй хоол биднийг тэнэг, залхуу болгодог уу?

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 9 дүгээр сарын 8
Америкийн туршилтын биологийн нийгэмлэгүүдийн холбоо (FASEB)-ны сэтгүүлд өөх тос ихтэй хоол хүнс нь эрүүл мэндэд ямар хор учруулдаг талаар нэгэн судалгааны дүнг нийтэлжээ.
Харханд өөх тос ихтэй тэжээл өгөхөд 10 хоногийн дотор хөдөлж явахдаа хөшүүн болсноос гадна богино хугацаанд ой санамжаа алдаж байгаа нь ажиглагджээ. Энэ судалгааны үр дүн бидний юу бодож сэтгэж, яаж хөдөлж явж байгаа нь юу идэж байгаатай ихээхэн холбоотой болохыг харуулав.
“Барууныхны нийтлэг хэрэглэдэг өөх тос ихтэй хоол хүнс нь таргалалт, чихрийн шижин, зүрхний дутмагшил үүсгэдэг гэдгийг мэддэг ч богино хугацаанд үзүүлдэг үр дагаврыг  нь төдийлөн анзаардаггүй орхигдуулдаг. Бидний судалгаа нь эрүүл, сэргэлэн цовоо байхын тулд өөх тосны хэрэглээгээ багасгах нь зүйтэй гэдгийг хүмүүст ойлгуулахад тус болох байх.” гэж судалгааны хамтрагч, Их Британий Кембрижийн Их сургуулийн Эндрю Мюррэй мэдэгдсэн байна.
Мюррэй нөхдийнхөө хамтаар өөх тос багатай (7.5 хувийн илчлэгтэй өөх тос) болон ихтэй (55 хувийн илчлэгтэй өөх тос) тэжээл хэрэглэж байгаа хархнуудыг судалжээ. Дөрөв хоногийн дараа өөх тос ихтэй тэжээл идсэн хархнуудын булчин нь хөдөлгөөний энергид шаардлагатай хүчилтөрөгчийг ашиглахдаа сул болсон бөгөөд үүний улмаас зүрх нь хүчтэй ажиллаж хэмжээгээрээ томорсон байна. Ес хоногийн дараа өөх тос багатай тэжээл идэж байсан хархнуудыг бодвол болхи удаан төдийгүй ижил зүйл хийлгэхэд илүү олон алдаа гаргаж байсан байна.
Судлаачид үүний шалтгааныг эсийн түвшинд ялангуяа булчингийн эсийн митохондригоос хайхаар шийджээ. Судалгааны үр дүнд хөдөлгөөний энергийг бий болгоход шаардлагатай хүчилтөрөгчийг ашиглах чадварыг нь бууруулдаг нийлмэл бус уураг 3 (uncoupling protein 3)-ын түвшин нэмэгдсэн болохыг тогтоосон байна.

No comments:

Post a Comment