Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/07

Монгол цагаан зээр (Procapra gutturosa/Mongolian gazelle) шүлхий өвчний вирүст өртөхүй

Мэдээний эх сурвалж: Journal of Wildlife Diseases, 2006 он, дугаар 42 (1), хуудас 154-158    
Бүтээлийн эзэд: Д.Нямсүрэн, Дамиен О.Жоли, С.Энхтүвшин, Д.Одонхүү, Кирк А.Олсон, Маттис Драйзма, Виллиам Б.Кареш
Тойм
Шүлхий нь ихэнх хивэгч болон гахайны төрлийн амьтдад тохиолддог гоц халдварт вирүсийн гаралтай өвчин юм.
2001 онд Монголын зүүн тал нутгийн 33 Монгол цагаан зээр (цаашид зээр гэнэ)-нээс ийлдсийн дээж цуглуулж шүлхийн 7 хэвшлийн вирүсийн эсрэгбием агуулсан эсэхийг шинжилж үзэхэд 67% нь эерэг урвал үзүүлсэн нь О хэвшлийн вирүсийн халдвар байв. 2000-2002 онуудад монгол малд энэ вирүсийн халдвар илэрсэн бөгөөд дээрх эсрэгбием нь шүлхий өвчний вирүс малаас зээрэнд дамжсаныг илтгэж байж болзошгүй юм.
Дэлгэрэнгүй
Зээр нь сүргээрээ урт замд нүүдэллэн амьдардаг цөөн хэдэн төрлийн амьтдын нэг билээ. Энэ амьтан 1950 онд Казакстан, ОХУ, Хятадын 780,000 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт тархан амьдарч байсан бол сүүлийн үед өвчлөл, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй ан, амьдрах орчны өөрчлөлт, хахир хатуу өвөл зэрэг шалтгааны улмаас тоо толгой нь цөөрч дөнгөж 25-30 орчим хувьд нь л үзэгдэх болжээ. Гэхдээ өнөөдөр Монголын зүүн бүсэд олноороо сүрэглэн бэлчсэн хэвээр байна.
Шүлхий өвчний вирүс нь 7 хэвшилд ангилагдах бөгөөд салаа туурайтан амьтдын амны хөндий, туурайны титэм болон салаа хэсэг, дэлэн дээр цэврүүт шархлаа үүсгэдэг. Халдвар авсан малд халуурах, тэжээлийн дуршил алдагдах, шүлс ихээр гоожих, хамраас шингэн гоожих, доголох шинж илэрч болно. Мөн турж эцэх, сүү сааль татрах, нянгийн хоёрдогч халдварт өртсөний улмаас дэлэн үрэвсэх, хээл хаях шинж үзүүлж болохоос гадна үхэх ч тохиолдол бий. Энэ өвчний вирүс малаас малд шууд хавьтлын замаар болон халдвартай малын баас, шээс, сүү, шүлсээр дамжин хурдан тархдаг. Шүлхий нь мал, махны худалдаанд хориг тавиулж асар их хохирол учруулдаг өвчин. Халдвар авсан амьтанд илрэх шинж тэмдэг нь тухайн амьтны төрөл болон халдварласан вирүсээс хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд шинж тэмдэггүй халдвараас (Африкийн одос үхэр/Syncerus caffer) эхлээд үхлийн хувь харьцангуй өндөр дэгдэлт (Израилийн уулын зээр/Gazella gazella-д >50%) хүртэл тохиолддог.
1960-аад оны эхээр шүлхийн дэгдэлтийн улмаас Монголын зүүн тал нутагт олон тооны зээр үхсэн мэдээ бий. Албаны эх сурвалжаас үзвэл тус улсад 1931-1973 оны хооронд үе үе малын шүлхий өвчин (А ба О хэвшлүүд) гардаг байснаа завсарласны эцэст 2000-2002, 2004 онуудад О хэвшлийн вирүсийн халдвар дэгдсэн байна. Энэ судалгааны дараахан малд Ази-1 хэвшлийн вирүсийн халдвар мөн бүртгэгджээ. 2000-2002 онуудад илэрсэн малын шүлхийн халдварын үеэр зээр өвчилсөн буюу үхсэн мэдээ байхгүй байна. Харин 2004 оны дэгдэлтийн үеэр эмгэг шинж үзүүлсэн зээр ажиглагдсан байна.
Сүүлийн дэгдэлтийн тархалтыг доорх Газрын зурагт үзүүлэв. Зурагт үзүүлсэнчлэн зээр шүлхийд мэдрэг мал сүрэгтэй бэлчээр нутаг хамтран эзэмшдэг нь түүнийг халдвар тараагч байж болзошгүй гэсэн хардлагыг хүмүүст төрүүлдөг.
Тайлбар: Gazelle range - Зээрийн бэлчээр нутаг
Study area - Судалгааны талбай
Year of outbreak in livestock - Малд шүлхийн халдвар илэрсэн жилүүд

Монголын зүүн тал нутагт илэрдэг шүлхийн вирүс нь зээрийг хамгаалахад хоёр гол аюулыг бий болгож байна. Нэгдүгээрт, малын шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ нь зээрийн экологит сөрөг нөлөө үзүүлж болох юм. Учир нь, шүлхийтэй тэмцэх арга хэмжээнд зэрлэг амьтдыг устгах эсвэл хөдөлгөөнийг нь хязгаарлах зорилгоор хашаа барих аргууд ордог. Малд шүлхий өвчин халдааж байна гэж зээрийг буруушаахын хэрээр түүнийг устгах ажлыг өрнүүлэх, эсвэл улирлын нүүдлийг нь хааж хашаагаар хорих зэрэг үйлдлүүд гарч болох юм. Зээр нь үржил шим багатай, улирлын чанартай нутагт тэжээлээ хайж нүүдэллэх замаар амьдардаг тул  хөдөлгөөнийг нь хоривол тэдэнд үхэх гамшиг учирна. Энэ амьтан нутгийн хүмүүсийн амь зуулгын чухал эх үүсвэр учраас устгах нь бас л арга ядсан хэрэг. Хоёрдугаарт, 1960-аад онд тохиолдсон шиг олон тооны зээр шүлхийн халдварын улмаас үхэж тоо толгой нь цөөрөх аюул тулгарч болно.
Иймд Монголын зүүн тал нутагт гардаг шүлхий өвчний эпидемиологит зээрийн гүйцэтгэх үүргийг ойлгох нь шүлхийтэй тэмцэх үр дүнтэй стратеги боловсруулахад нэн ач холбогдолтой болоод байна. Зээр нь малаас шүлхийн вирүсийн халдварыг идэвхгүйгээр хүлээж авдаг, эсвэл вирүсийг идэвхтэйгээр тээж малд халдаадаг байж болох юм. Иймд бид малд илэрсэн шүлхий өвчинтэй зэрэгцэж зээр халдвар авсан эсэхийг тодорхойлох зорилгоор 2001 оны 11 дүгээр сард зээрний ийлдэс цуглуулж шинжилгээ хийсэн судалгааны үр дүнгээ толилуулж байна. Түүнчлэн 1998/1999 онд зээрэнд хийсэн ийлдэс судлалын шинжилгээний дүнг шүүн хэлэлцэх болно.
Бүх ийлдсийн дээжийг зүүн тал нутгийн 48оN, 114oE орчмоос цуглуулсан (Газрын зураг) бөгөөд дээж авсан зээрний нас, хүйсийг нь ч мөн тодорхойлсон.
Дээжинд АНУ-ын Хөдөө аж ахуйн газрын харъяа Плам Айландын Мал амьтны өвчин судлалын төвд вирүс саармагжуулах урвалаар шүлхийн 7 хэвшлийн вирүсийн эсрэгбием илрүүлэх шинжилгээ хийснээс гадна зээрийн нас, хүйс нь шүлхийн халдварлалтанд нөлөөлж буй эсэхийг тусгай аргуудаар судалж үзэв.
Нийт 33 зээрний 28 нь эм, 5 нь эр, дундаж нас нь 3.06 байв. Шүлхийн О хэвшлийн вирүсийн эсрэгбием 22 дээжинд тодорхойлогдсон нь нийт дээжний 67% байлаа. Эерэг дээжнүүдийн О хэвшлийн вирүсийн эсрэгбиемийн таньц 34-320-ийн хооронд хэлбэлзэж байв. Эдгээр 22 эерэг дээжний зургаад нь бусад хэвшлийн эсрэгбием агуулагдаж байсан боловч таньц нь бага байлаа: Хоёр дээжинд Ази-1 хэвшлийн вирүсийн эсрэгбиемийн таньц 20, 24 байхад О хэвшлийнх 110, 270 байв. Нэг дээжинд С хэвшлийн вирүсийн эсрэгбиемийн таньц 24 байхад О хэвшлийнх 270 байв. Гурван дээжинд САТ хэвшлийн вирүсийн эсрэгбиемийн таньц 20, 24, 24 байхад О хэвшлийнх 57, 80, 48 байв. Нөгөөтэйгүүр, нэг бэлчээр нутагт байгаа малд ижил хугацаанд зөвхөн О хэвшлийн вирүсийн халдвар илэрсэн тул бид уг зээрнүүд энэ хэвшлийн вирүсийн халдварт өртжээ гэсэн дүгнэлт хийсэн. Халдварлалтанд нас болон хүйсний ялгаа байгаагүйгээс гадна эмнэл зүйн ямар нэг шинж ажиглагдсангүй.
Монголд гарч байгаа шүлхийн вирүсийн эпидемиологит зээрний гүйцэтгэж байгаа үүрэг нь тодорхойгүй байгаа ч тус оронд гарсан шүлхийн халдваруудын он дарааллын түүх зарим эргэцүүлэл төрүүлдэг. Жишээ нь, 1973-2000 онуудад мал шүлхийгээс эрүүл байсан. Мөн 1998/1999 онд энэ судалгааныхтай ижил газраас 59 зээрний ийлдсийн дээж авч шинжлэхэд бүгд сөрөг урвал өгч байв. Шүлхийн вирүс зээрийн сүрэгт эргэлдэж байгаа тохиолдолд ийлдсийн шинжилгээгээр 50-иас дээш хувь нь эерэг урвалтай гарах нь элбэг тохиолддог үзэгдэл. Ийм учраас 1998/1999 оны үед зээр шүлхийн вирүсээр халдварласан байсан бол илрүүлж чадаагүй байх боломжгүй юм. Гэтэл 2001 оны өвөл малд гарсан шүлхий өвчний дараа олон зээр халдварт өртсөн нь биднийг зээр малаас шүлхийн вирүсийг идэвхгүйгээр хүлээж авдаг гэсэн таамаглалд хүргээд байна. Гэвч зээр шүлхийн вирүсийг дамжуулдаг эсэх, мөн тогтвортой тээгч амьтан болдог эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Иймд түүнийг шүлхийн вирүс тээдэг эсэхийг тогтоох, зээр болон малын хөдөлгөөн, шүлхийн вирүсийн тархалтыг судлах шаардлагатай байна.
Дэлхий дахинд хүн, мал, зэрлэг амьтдын эрүүл мэндийн салбарт ажиллагсад өвчинтэй тэмцэх утга төгөлдөр хөтөлбөр хэрэгжүүлэхдээ эдгээр 3 талбарыг нэгэн зэрэг бодолцож үзэх хэрэгтэй юм байна аа гэдгийг ойлгож эхэлж байна. Бидний судалгаа болох шүлхий өвчин-мал-зээрний харилцан хамаарал нь үүний нэг тод жишээ юм. Бусад орнуудын нэгэн адил Монголд шүлхий өвчин дэгдэхэд эдийн засаг, хүн, малын хөдөлгөөнд асар их хохирол учирдгаас гадна зээр шууд болон шууд бус замаар “хөлд нь үрэгддэг” байж болзошгүй юм. Иймд мал эмнэлгийн үйлчилгээ болон вакцинжуулалтын арга хэмжээний хамрах хүрээг сайжруулах гэх мэтээр өвчинтэй тэмцэх зөв, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь Монголын ард түмний эдийн засаг, амьжиргааг дээшлүүлэхээс гадна Монгол цагаан зээрийг хамгаалахад нэн ач холбогдолтой.

No comments:

Post a Comment