Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/04

Шүлхийн халдвар дамжих цаг хугацааны тухай ойлголт

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2011 оны 5 дугаар сарын 31
Science сэтгүүлийн 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгаагаар шүлхийн вирүст өртсөн үхрийн халдвар тараах хугацаа өмнө тооцоолж байснаас хоёр дахин богино болохыг тогтоожээ. Тус судалгааны үр дүн малыг олноор нь устгах зэрэг тэр бүр хүлээн зөвшөөрөгддөггүй тэмцэх арга хэмжээг багасгах боломжтойг харуулсан байна. Нөгөөтэйгүүр халдварт өвчний талаарх эрдэмтдийн ойлголтыг ч өөрчилж байгаа ажээ.
"Шүлхий өвчний талаарх "мэдлэг"-ийг эргэж харах шаардлагатай гэдгийг бид харууллаа. Эндээс үзэхэд хүний томуу болон бусад халдварт эмгэг төрүүлэгчийн талаарх ойлголтонд ч мөн адил андуу ташаа зүйл байхыг үгүйсгэх аргагүй юм." гэж тус судалгааны багийн гишүүн, Эдинбургийн Их сургуулийн доктор Марк Вүүлхаус мэдэгдсэн байна.
Шүлхий орогномол нутагт вакцинжуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, өвчний сэжиг батлагдсан тохиолдолд олон тооны малыг устгалд оруулах зэргээр дэлхийн эдийн засагт жил бүр асар их хохирол учирсаар байна. Жишээ татахад, 2001 онд Их Британид шүлхийн томоохон эпидеми дэгдсэний улмаас хэдэн зуун мянган мал устгаж, хэдэн тэрбум фунтын алдагдал хүлээсэн билээ.
Энэ удаа судлаачид үхэр дээр туршилт явуулж, шүлхийн вирүсийн халдварын нууц үе, халдвар дамжих хугацааг тодорхойлсон байна. Тэдний үзэж байгаагаар үхрийн цусанд вирүс илрэх нь тухайн мал халдвар тарааж байна гэсэн үг биш ажээ (Уламжлалт ойлголтоор цусанд вирүс илэрсэн л бол тэр малыг халдварын эх уурхай гэж тооцдог). Шүлхийн вирүс агуулсан үхэр зөвхөн 1.7 хоногийн хугацаанд л халдвар тараадаг бөгөөд үүнээс хойш вирүсийн репликаци дархлааны хариу урвалын үр дүнд хязгаарлагддаг байна.
Их Британийн Пирбрайтын лабораторийн доктор Брайан Чарльстон тэргүүтэй эрдэмтэд Вүүлхаусын хамтаар хэсэг үхэрт шүлхийн вирүс зориудаар халдааж хамт байгаа эрүүл малд халдвар хэрхэн дамжихыг судалсан байна. Энэ нь бүлэг амьтанд халдварлалтын хувийг тогтоож байсан өмнөх туршилтуудыг бодвол мал тус бүрийн халдварлалтад анхаарал хандуулснаараа онцлог болжээ. “Бид халдвар авсан малын вирүс тарааж байгаа хугацаа болон тухайн малд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг хоорондын уялдааг онцгойлон авч үзлээ. Ер нь хүнд ч бай, амьтанд ч бай эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үед л халдвар авсан болохыг нь анзаардаг. Гэтэл бид эдгээр шинж тэмдэг халдвар тараах чадвартай нь ямар холбоотой болохыг мэддэггүй юм байна.” гэж Вүүлхаус өгүүлсэн байна. Хорин найман эрүүл үхрийг халдвартай үхэртэй 8 цагийн турш нэг дор байлгахад 8 нь л халдвар авсан байна. Судалгааны үр дүнд үндэслэн Чарльстоны баг шүлхийн вирүст өртсөн үхэр эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш ойролцоогоор 0.5 хоногийн дараа халдвар тараах чадвартай болдгийг тогтоожээ.
Цусан дахь вирүсийг илрүүлнэ гэдэг нь тухайн малын эмнэл зүйн байдлыг тогтоож байна гэсэн үг биш юм. Найтаах гэх мэтчилэн вирүсийн халдварын улмаас үүсдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тэр агшинд халдвар тардаг гэж хүмүүс төсөөлдөг байх. Тэд энэ талаар ихээхэн эргэцүүлдэг хэдий ч яг барьж аваад бодитоор судалсан нь цөөн.
Чарльстоны багийн үзэж байгаагаар шүлхийн халдвар авсан малд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс 24 цагийн өмнө вирүсийг илрүүлж чадвал халдвар тараахаас нь өмнө тухайн малыг амжиж устгах магадлалтай аж.
“Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох нь арга ажиллагааны хувьд амаргүй хэдий ч гарах үр ашиг нь бидний бодож байснаас хамаагүй илүү гэдгийг бидний судалгааны дүн харууллаа. Иймд шүлхийн вирүсийг эрт илрүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна. Ер нь аливаа эмгэг төрүүлэгчийн халдвар тархах жам, цаг хугацааг судлаагүй тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, вирүсийн эсрэг эм хэрэглэх, өвчин тархахаас сэргийлж малыг устгалд хамруулах нь хэр үр дүнтэй болохыг хэмжих аргагүй юм” гэж Вүүлхаус цохон тэмдэглэжээ.

No comments:

Post a Comment