Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/26

Сэлбэсэн цусаар хорт хавдар дамжина гэдэг үнэмшил муутай

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 9 дүгээр сарын 3
Өвчин тараахгүйн тулд донорын цусыг нарийн шинжилдэг. Халдварт өвчин цусаар дамжих эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авдаг бол харин хорт хавдар зэрэг ужиг өвчин дамжих магадлалыг тогтооход хүндрэлтэй байдаг аж.
naturalunseenhazards.wordpress.com
Цусаар хорт хавдар дамжиж болох тухай онолыг бататгасан хэд хэдэн нотолгоо бий. Оношлогдох боломжгүй маш жижиг хавдар ч гэсэн өдөр бүр цусны урсгалд хэдэн сая эс ялгаруулж донорын бусад эрхтэн болон цус хийлгэгч хүнд хорт хавдрын шинэ голомт үүсгэж болзошгүй байдаг. Зүү, мэс заслын багаж хэрэгслээр хавдрын эс дамжсан тухай мэдээллүүд нь эрүүл хүний биед орсон хавдрын эс өсөж үржих чадвартайг харуулж байна. Ялангуяа цус хийлгэгч хүн Ходжкины бус тунгалаг эсийн хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй гэлцдэг.
Эдгээр онол, баримтыг шалгах зорилгоор Густаф Эдгрен нөхдийн хамтаар хорт хавдартай гэдгээ мэдээгүй донорын цус хийлгэсэн хүмүүсээс хорт хавдраар өвчилсөн нь хэд байгааг судалжээ. Швед болон Дани улсын мэдээллийн санг ашиглан цус хандивласнаасаа хойш 5 жилийн дотор хорт хавдраар өвчилсөн нь оношлогдсон донорын цус хийлгэсэн хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна.
Судалгаанд 1968-2002 оны хооронд дор хаяж нэг удаа цус, улаан эс, сийвэн, цусны ялтас хийлгэсэн бөгөөд хорт хавдраар өвчлөөгүй иргэдийг хамруулжээ. Эдгээр хүмүүст цусаа өгсөн доноруудыг судалж, цусаа өгснөөсөө хойш 5 жилийн дотор хорт хавдартай нь оношлогдсон тохиолдолд цус өгөх үедээ хорт хавдартай байсан ч шинж тэмдэг нь илрээгүй байжээ гэж дүгнэсэн байна. Ингээд нийт 12,012 хүн эрсдэлтэй цус, 342,082 хүн эрүүл донорын цус хийлгэсэн гэж тооцов.
Хорт хавдартай байсан болон цус өгснөөс нь хойшхи 5 жилийн хугацааны өвчний түүхийг нь судлах боломжгүй донорын цус хийлгэсэн иргэдийг судалгаанаас хассан аж. Түүнчлэн цус хийлгэснээсээ хойш 6 сарын дотор хорт хавдраар өвчилсөн нь оношлогдсон хүмүүсийг судалгааны дүнд оруулаагүй байна.
Цус хийлгэсэн нийт иргэдээс 978 нь хорт хавдраар өвчилснийг тогтоосон ч статистик дүн шинжилгээ хийж үзээд хорт хавдрын өмнөх шатанд байсан донорын цусыг нэг буюу хэд хэдэн удаа хийлгэсэн хүмүүс эрүүл донорын цус хийлгэсэн иргэдээс илүү эрсдэлд өртөөгүй болохыг тодорхойлжээ. Мөн нас, хүйс, цаг хугацаа, цус хийлгэсэн давтамж нь эрсдэлд хамааралгүй байв. Түүгээр зогсохгүй үсэрхийлэх хамгийн их магадлалтай голомтолсон хорт хавдартай донорын цус хийлгэсэн өвчтөнүүд хүртэл бусдаасаа өндөр эрсдэлтэй нь тогтоогдсонгүй.
Хорт хавдартай нь өмнө нь оношлогдсон байсан донорын цус хийлгэсэн 9,377 хүнийг ерөнхий судалгааны дүнд оруулаагүй ч тэдний хорт хавдраар өвчилсөн хувь нь эрүүл донорын цус хийлгэсэн хүмүүсийнхээс ялгаагүй байсан байна.

No comments:

Post a Comment