Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/17

Диализыг орлох хиймэл бөөрний загвар бүтээв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 9 дүгээр сарын 14
Сан Францискогийн Калифорний Их сургуулийн Био-инженерчлэл, эмчилгээний шинжлэх ухааны тэнхимийн доктор Шюво Рой инженер, биологич, эмч нөхдийн хамтаар хэзээ нэгэн өдөр диализын хэрэгцээг үгүй хийх шилжүүлэн суулгах боломжтой хиймэл бөөрний анхны бодит загварыг боловсруулсан байна. Тус төхөөрөмж нь жинхэнэ бөөрний бодис солилцоо болон усны тэнцвэрт байдлыг хангах чадварыг хуулбарласан хэдэн мянган бичил шүүлтүүр болон биореактороос бүтжээ.
Бөөрний диализ ажиллах зарчим (biology-igcse.weebly.com)
Тус багийн Мичиган дахь нэгэн гишүүний бүтээсэн өрөөний хэмжээний овортой загварыг маш хүнд өвчтөнүүд дээр туршиж үзэхэд үр дүнгээ өгсөн байна. Ройгийн зорилго нь цахиур болон амьд бөөрний эсэд зориулан инженерчлэлийн аргаар бүтээсэн тусгай хэсгүүдийг ашиглан дээрх овор ихтэй технологийг хүний биед суулгах боломжтой кофены аяганы дайтай төхөөрөмж болгон хувиргах явдал байлаа. Ингэснээр дархлааг дарангуйлах эмний хэрэгцээ ч үгүй болох аж.
Хоёр үе шат бүхий дээрх систем нь цуснаас хорыг зайлуулах шүүлтүүртэй бөгөөд биологийн бусад үйл ажиллагааг хангах үүднээс бөөрний сувганцрын эсийг ургуулах эдийн инженерчлэлийн сүүлийн үеийн технологийг шингээжээ. Энэ процесс нь тусгай шахуурга буюу цахилгаан хүчдэлээр бус биеийн өөрийнх нь цусны даралтын хүчээр шүүлтүүрийг ажиллуулах юм байна. Тус багийнхан төхөөрөмжийн ажиллагааг амьтан дээр туршиж үзсэн бөгөөд хүний туршилтын төлөвлөгөө 5-7 жилийн дараа бэлэн болох аж.
АНУ-д л гэхэд жил бүр 500,000 гаруй хүн бөөрний өвчлөлийн эцсийн шат буюу зөвхөн бөөр шилжүүлэн суулгах замаар л бүрэн эмчлэгдэх боломжтой бөөрний архаг дутагдалд ордог. Дээрх тоо жил тутам 5-7 хувиар өсөж байгаа нь нэг талаараа чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчнүүдтэй холбоотой гэнэ.
Өнгөрсөн жил 17,000 бөөр шилжүүлэн суулгасан хэдий ч эрхтэн хүлээж байгаа өвчтөнүүдийн жагсаалт хэдийнээ 85,000 давсан тухай Эрхтэн худалдан авах, донор эрхтэний сүлжээ эрхэлсэн байгууллагаас мэдээлсэн байна. Ройгийн өгүүлснээр 350,000 орчим өвчтөн бөөрний диализаас хамааралтай амьдарч байгаа нь асар их зардал шаардсан бэрхшээл болж байгаа ажээ. Эмнэлгээр үйлчлүүлэгсдийн дөнгөж нэг хувь нь бөөрний дутагдалд орсон байдаг ч эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 6% гаруй буюу 25 тэрбум долларыг тэдний эмчилгээнд зориулж зарцуулдаг байна. АНУ-ын Бөөрний мэдээллийн системийн тооцоогоор жил бүр нэг өвчтөний диализад зориулж 75,000 доллар төсөвлөдөг аж.
Нөгөөтэйгүүр, диализ нь хүнд асар их хүндрэл учруулдаг. Ердийн хуваарийн дагуу өвчтөнийг долоо хоногт 3 удаа (нэг удаа 3-5 цаг) диализын аппаратанд оруулж цусыг нь шүүдэг бөгөөд өвчтөнийг сульдаадаг энэ аргаар бөөрний үйл ажиллагааны зөвхөн 13 хувь нь сэргэдэг тул тэдний 35 хувь нь л таваас дээш жил амьдардаг ажээ.

No comments:

Post a Comment