Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/12

Шувууны вакцин богино хугацааны үр дүн үзүүлдэг ч урт хугацааны “проблем” үүсгэдэг

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2010 оны 5 дугаар сарын 11
Ньюкаслийн өвчний эсрэг вакцин үйлдвэрлэлд уг вирүсийн хоёр амьд омгийг ашигладаг бөгөөд эхний омгоор үйлдвэрлэсэн вакциныг голдуу Азид, харин 2 дахийг нь дэлхий нийтээр хэрэглэж байна. 1950-иад оноос хойш энэ хоёр омгоор үйлдвэрлэсэн вакцин шувууны аж ахуйнуудыг эдийн засгийн томоохон сүйрлээс зайлсхийхэд тусалсаар иржээ.
Гэтэл шувууг Ньюкаслийн өвчнөөс хамгаалдаг сулруулсан амьд вирүсийн вакцин нь уг вирүсийн зэрлэг омгуудын генетикийн бүтцийг өөрчилж, ингэснээр цаашид уг өвчин ямар байдлаар дэгдэх талаар төсөөлөлгүй болгон, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй байгаа талаар биологичид сануулсан байна.
“Мал амьтанд хэрэглэж байгаа олон вакциныг хоруу чанартай амьд вирүсийг боловсруулж гаргаж авдаг бөгөөд ийм вакцин хүчтэй дархлаа тогтоодог. Гэсэн хэдий ч вакциндуулсан шувуу вакцины вирүсийг ялгаруулж бусдадаа халдвар тарааж болохоос гадна Ньюкаслийн өвчний эсрэг амьд вирүсийн вакцин нь бусад омгийн халдвараас тэр болгон хамгаалаад байж чаддаггүй.” гэж Пенсилваний Их сургуулийн Биологи, мал эмнэлэг, био-анагаахын шинжлэх ухааны профессор Мэри Посс мэдэгджээ. Түүний судалгаагаар нэгэн вакцины омог дор хаяж 3 зэрлэг омогтой рекомбинацид орж шинэ вирүс үүсгэсэн болохыг тогтоосон байна. Ийм вирүс тэжээвэр болон зэрлэг шувуудын аль алинд нь тохиолддог. “Шувуу Ньюкаслийн өвчний амьд вакцины вирүс болон бусад хэд хэдэн омгоор зэрэг халдварладаг болохыг тогтоолоо. Энэ нь юү гэсэн үг вэ гэхээр амьд вирүсийн вакцин үр дүнтэй хэдий ч шувуудын дунд эргэлдэж байгаа вирүсүүдтэй эрлийзжин төсөөлшгүй шинэ омгуудыг үүсгэх боломжтойг харуулж байна” гэж тэрээр тайлбарласан байна.
Амьд вирүсийн вакцин нь өвчин үүсгэхгүй болгон зориудаар сулруулсан вирүс агуулдаг бөгөөд байгалийн замаар халдварладаг вирүсийг өвч дууриасан тул эзэн амьтанд хүчтэй дархлаа тогтоодог билээ. Гэхдээ вакцинжуулалтын арга хэмжээний улмаас зэрлэг шувуудын дунд эргэлддэг Ньюкаслийн өвчний вирүсийн омгийн тоо нэмэгдэж байна гэж Посс үзэж байгаа юм байна. Жишээлбэл, олон аж ахуй уг вакциныг шувуунд уух устай нь хольж эсвэл мананцаржуулах замаар олгодог тул зэрлэг шувууд болон тагтаа халдварлаж вирүсүүд рекомбинацид орох нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн янз бүрийн орчинд хөгжиж байгаа вирүсийн омгууд хоорондоо эрлийзжсэнээс эзэн амьтны дархлаанаас “олон мэхээр бултах чадвартай” генийг бий болгож болох юм.
Иймд Поссын зүгээс вакцин боловсруулагчдад хандан үхүүлсэн буюу идэвхгүйжүүлсэн вирүсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар бодох цаг болсныг анхааруулсан байна. Зарим эрдэмтэд энэ талаар аль хэдийн ажиллаж эхлээд байгаа ч дэлхий дахинд нэгэн жигд хандлага төлөвшиж чадаагүй хэвээр байна.
“Бид тэжээвэр болон зэрлэг шувуудын дунд хийх тандалт, мониторингийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Амьд вирүсийн вакцин хэрэглэсний улмаас буй болох шинэ омгуудын үр дагаврыг вирүсийн хэдэн үе дамнатал ажиглаж чадахгүй гэдгийг санаж явах ёстой. Вирүсийн олон омог өсөж дэвжих, унтарч сүйрэх мөчлөгийнхөө дагуу тодорхой хугацаанд амьдарч байгаад үхэж мөхдөг жамтай. Харин амьд вирүсийн вакцины хэрэглээ нь дэлхийн шувуудын дунд вакцины омгийн тогтвортой оршин тогтнолыг бий болгоод байна.” гэж Посс өгүүлсэн байна.
Зэрлэг вирүсийн хөгжилд вакцинжуулалтын нөлөөг тодорхойлохын тулд судлаачид Ньюкаслийн өвчний вирүсээр халдварласан шувуудаас өсгөвөрлөсөн парамиксовирүсийн геномын бүрэн дарааллын 54 дээжний эволюци түүхийг судалж үзсэн байна. Хэрэв парамиксовирүсийн 6 ген нь ижил өвөгтэй байвал ген бүрийн удмын мод ижил байх ёстой. Харин өөр омгоос үүссэн генийн хувьд рекомбинацид орсноо илэрхийлж ялгаатай удмын модтой болдог. Генийн дараалалд хийсэн статистик дүн шинжилгээгээр дээрх 54 геномын наанадаж 5 нь рекомбинацид орсныг илтгэснээс 4 нь вакцины хоёр омгийн нэгнийх нь генийн дарааллыг агуулсан байжээ.
Түүнчлэн судлаачид вакцины омог нь бусад эргэлдэж байгаа вирүсүүдийг бодвол илүү өргөн, тогтвортой тархсан болохыг тогтоосон байна.
“Вирүс өөрчлөгдөхгүй бол мэдээж сайн хэрэг. Харин томуугийн вирүсийн нэгэн адил өөрчлөгдөж эхэлбэл халдварын тархалт болон хоруу чанар жил жилд ямар янзтай байхыг төсөөлөх боломжгүй болно. Ийм учраас вирүсийн омгуудыг бий болгоно гэдэг нь хүсэх зүйл биш.” гэж Посс анхааруулж байна.

No comments:

Post a Comment