2011 оны 6 дугаар
сарын 1
Хэдийгээр Хятадын Мал
эмнэлгийн холбоо (ХМЭХ) байгуулагдаад 18-хан сарын нүүр үзэж байгаа ч улс
орныхоо мал эмнэлгийн салбарт хийж буй үйл ажиллагаа нь хэдийн амжилтанд хүрээд
эхэлжээ.
Үндэсний хэмжээний мал
эмнэлгийн зохион байгуулалттай бүтэц бий болсон нь мал эмнэлгийн боловсролыг
чанаржуулах, малын эмч нарын амьжиргааны түвшинг сайжруулж, улмаар нийгэмд
үнэлэгдэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Өнгөрсөн онд ХМЭХ-ноос
Үндэсний мал эмнэлгийн анхдугаар зөвлөгөөнийг 10 дугаар сарын 28-ны өдөр буюу ХМЭХ
үүсэн байгуулагдсаны нэг жилийн ойн өдөр (Хятадын Мал эмнэлгийн өдөр) зохион
байгуулсан байна. Зөвлөгөөнийг тус Холбооны дарга доктор Цзя Юлины “Нэг
дэлхий-Нэг эрүүл мэнд” уриан дор бүтээсэн үндэсний мал эмнэлгийн сүлд дуугаар
нээжээ.
Тус зөвлөгөөний үеэр
Хятадын үндэсний мал эмнэлгийн итгэмжлэх тогтолцоог Хойд Америкийнхтай
харьцуулсан форум зохион байгуулж, энэ тухай илтгэлийг Хятадын Хөдөө аж ахуйн
яамны Мал эмнэлгийн албаны орлогч дарга Жан Хун танилцуулсан байна.
“Дээрх илтгэлд гарч
буй бүх санаа мал эмнэлгийн боловсролын стандартыг сайжруулахад тун нухацтай
хандаж байгааг харууллаа. Үүнтэй уялдан мал эмнэлгийн сургуулиудыг итгэмжлэх
зарим хөтөлбөрүүд ч хөндөгдөж байна. Миний ойлгосноор, Хятадад малын эмч нарыг
хоёрдугаар зэрэглэлийн боловсрол эзэмшсэн хүмүүс гэж ойлгох явдал гардаг юм
байна. Иймд хамгийн чадварлаг, оюунлаг залуучуудыг энэ мэргэжил рүү татахын
тулд ХМЭХ малын эмчийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар ажиллаж байна.” гэж
Америкийн Мал эмнэлгийн холбоо (АМЭХ)-ны ерөнхийлөгч доктор Ларри М.Корнегей
цохон тэмдэглэжээ.
ХМЭХ малын эмч нар
болон мал эмнэлгийн сургуулиудыг итгэмжлэх үйл ажиллагаа, үргэлжилсэн
сургалтанд идэвхтэй оролцохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жил анх удаа Хөдөө аж
ахуйн яамны Мал эмнэлгийн албанаас Үндэсний мал эмнэлгийн итгэмжлэх шалгалтыг
зохион байгуулж, шинээр төгсөгчдийг хамруулсан бөгөөд ХМЭХ шалгалтанд
оролцогсдыг вебсайтаар бүртгэх үйлчилгээг хариуцаж ажиллажээ.
Тус зөвлөгөөн болон
түүнтэй нэг хугацаанд зохион байгуулагдсан Хятадын Мал эмнэлгийн олон улсын
хамтын ажиллагааны хуралд Канзас мужийн их сургуулийн Мал эмнэлгийн коллеж
болон АНУ, Их Британийн мал эмнэлгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ. “Pfizer
Animal Health” компани олон улсын төлөөлөгчдийг бүрдүүлж, хурлын зардалд
санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Канзас мужийн их
сургуулийн Мал эмнэлгийн коллежийн дэргэдэх АНУ-Хятадын Малын эрүүл мэндийн
төвийн санхүүжилтээр зохион байгуулагдсан салбар хуралдаан дээр тус коллежийн
декан доктор Ральф С.Ричардсон мужийнхаа итгэмжлэх үйл
ажиллагаа, үргэлжилсэн сургалт, итгэмжлэгдсэн мал эмнэлгийн коллежуудын
стандартын талаар АМЭХ-ны Боловсролын хорооноос эрхлэн гаргасан баримтат кинонд
тулгуурлан танилцуулж, дараа нь Хятадын мал эмнэлгийн сургуулиудын декануудад
уг бичлэгийг гардуулжээ.
Нээлттэй байдал?
“Хятадын зарим өндөр
албан тушаалын хүмүүс Засгийн газраас нь явуулж буй зарим арга хэмжээ мал
эмнэлгийн салбарт таагүй нөлөө үзүүлж байгаа талаар нэлээд илэн далангүй
танилцуулж байсан нь бага зэрэг гайхширал төрүүллээ. Урт хугацааны турш
хаалттай байсан үг хэлэх эрхийн асуудал нааштай эргэж байгааг энэ явдал
харууллаа.” гэж доктор Корнегей өгүүлжээ.
2009 онд Хятадын Хөдөө
аж ахуйн дэд сайд хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг мал эмнэлгийн
үйлчилгээнээс салгах замаар төрийн малын эмч нарын менежментийн тогтолцоог
шинэчлэн зохион байгуулсан тухай зарласан билээ. Ингэснээр тандалт судалгаа
болон хор хөнөөл ихтэй өвчнүүдтэй тэмцэх үйл ажиллагаа нь Засгийн газрын
удирдлаган дор ажиллах төрийн малын эмч нарын үүрэг, харин техникийн болон
клиник үйлчилгээ нь ХМЭХ-ны удирдлаган дор ажиллах итгэмжлэгдсэн малын эмч
нарын үүрэг болсон байна.
ХМЭХ ба түүний гишүүд
2009 оны 12 дугаар
сард ХМЭХ-нд 1,940 хүн, 370 бүлэг гишүүнээр элссэн бол 2010 онд 300 хүн, 120
бүлэг шинээр нэмэгдэж эгнээгээ тэлжээ. Тус холбооны дарга Цзягаас гадна доктор
Жан Жунцю гүйцэтгэх дэд дарга болон ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж
байна. Мөн 14 дэд ерөнхийлөгч, 2 дэд ерөнхий нарийн бичгийн дарга ажилладаг аж.
ХМЭХ-ноос зохион
байгуулсан Мал эмнэлгийн зөвлөгөөнд оролцсон 2,000 гаруй малын эмч нараас олон
хүн байгууллагын удирдах албаныхан байв.
АНУ-Хятадын Малын
эрүүл мэндийн төв
Тус төвийг санаачлах
ажил шинэ болон халдварт өвчнүүдийг судлах талаар Канзасын Их сургуулийн
сонирхол, үүнд Канзас хотын Малын эрүүл мэндийн хамтын ажиллагааны сүлжээ оролцож
эхэлснээс үүдэлтэй гэж доктор Ричардсон мэдэгджээ. Эдгээр хүчин зүйл яваандаа
дэлхийн нэг бүс нутагт тохиолддог асуудал нөгөө бүсэд нөлөөлдөг болохыг
анзаарахад хүргэсэн байна. Хэдэн жилийн өмнө Канзасын Их сургуулийн
мэргэжилтнүүд Хятад улсад урилгаар очиж гахайн үржил-амьсгалын замын хам шинж
өвчин болон холимог вирүсийн халдвартай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж байсан юм.
Тус төв мал эмнэлгийн
боловсрол, үргэлжилсэн сургалт, эдийн засгийн хөгжил гэсэн 3 талт үйл ажиллагаа
явуулдаг аж.
Эхний үйл ажиллагааны
хүрээнд барууны мал эмнэлгийн боловсролыг Хятадын уламжлалт мал эмнэлгийн
боловсролтой уялдуулах чиглэлээр ажиллаж байна. “Хятадын мэргэжилтнүүд олон
улсад өндөр боловсрол эзэмшиж боловсрол, төрийн алба, мал эмнэлгийн судалгааны
чиглэлийн хувийн байгууллагад ажилладаг боловч судалгааны үр дүнг үйлдвэрлэлд
нэвтрүүлэх малын эмч нар дутагдалтай байна. Барууны итгэмжлэгдсэн коллежид мал эмнэлгийн боловсрол эзэмшсэн Хятадын
малын эмч нар нутагтаа буцаж ирвэл зөвхөн Хятадынх гэлтгүй дэлхий дахины
судалгааны үр дүнг мал аж ахуйд нэвтрүүлэх асар том боломж бүрдэх юм” гэж
доктор Ричардсон өгүүлжээ.
АНУ-Хятадын төв нь мал
эмнэлгийн сургуульд элсэх гэж буй Хятадын залуусыг Канзасын Их сургуульд сургах хөтөлбөр бий
болгох ажлын эхлэлийг тавьж байгаа бөгөөд тодорхой шаардлага хангасны үндсэн
дээр эдгээр оюутнууд АМЭХ-ны Боловсролын хорооны итгэмжлэлд хамрагдсан
сургуулиудын нэгэнд орж суралцан 5-6 жилийн дараа нутаг буцах юм байна. Энэ үйл
ажиллагааг Хятадын Засгийн газраас дэмжиж сургалтын тэтгэлгийн тал хувийг санхүүжүүлж
байгаа ч цаашдын зорилго бол бүрэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх явдал ажээ.
Тус төвийн хоёр дахь
үйл ажиллагаа нь Хятадын малын эмч нарын үргэлжилсэн сургалтын чанарыг
сайжруулах зорилготой бөгөөд доктор Ричардсоны үзэж байгаагаар одоогоор Хятад
улсад энэ талын сургалт эхлэлийн төдий сул хөгжжээ. ХМЭХ энэ асуудалд анхаарал
хандуулж ажилласнаасаа хойш богино хугацаанд маш сонирхолтой, зоримог алхмуудыг
хийж байгаагийн нэг нь малын эмч нарт зориулан зайлшгүй хамрагдах үргэлжилсэн
сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн явдал аж.
Хоёр орны хамтарсан
төвийн гурав дахь үйл ажиллагаа болох эдийн засгийн хөгжлийн санаачилга нь
Хятадын зах зээлийг сонирхож буй мал амьтны эрүүл мэндийн талаар үйл ажиллагаа
явуулдаг Канзасын жижиг, дунд компаниудыг бизнес боломжоор хангах, мөн эргээд
Канзасын зах зээлийг сонирхож буй Хятадын компаниудыг дэмжих зорилготой юм.
ХМЭХ-ны зөвлөгөөний үеэр АНУ-Хятадын төв болон Канзасын Худалдааны Танхимаас
ивээн тэтгэж Хятадын зах зээлд гарах сонирхолтой Канзасын компаниудын үзэсгэлэн
яармагийг зохион байгуулжээ.
Амьжиргааны түвшин,
хотжилт
Америкийн мал
эмнэлгийн салбарыг бодвол Хятадад жижиг амьтны мал эмнэлэг хөгжөөгүй, харин
малын эмч нар хүнсний аюулгүй байдлыг хангах, судалгаа шинжилгээ, төрийн алба,
хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү ажилладаг аж. Гэхдээ энэ хандлага ялангуяа
Бээжин орчим аажмаар өөрчлөгдөж байна. Дундаж орлоготой болон дээд зиндааны
амьдралтай иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр, мөн ихэнх айл ганц хүүхэдтэй тул
сэтгэлээ зугаацуулж гэрийн амьтан тэжээх болжээ. Хятадад 100 сая орчим нохой,
муур байна гэсэн тооцоо байгаа нь томоохон хотуудад мал эмнэлгээр
үйлчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байгааг харуулж байна. Хятадад ядуу буурай
амьдралтай олон хүн байгаа хэдий ч хөрөнгө чинээтэй цөөнх маш өндөр түвшний мал
эмнэлгийн үйлчилгээнээс гар татахгүй болжээ.
“Бээжин дэх Хятадын
Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургалтын эмнэлэг ультрасонограф,
дижитал радиограф зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, зүү болон эмийн
ургамлын эмчилгээ хийдэг. Ирэх жил гэхэд тус сургууль АНУ-ын хэмжээнд хүрсэн
тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон сургалтын шинэ эмнэлэгтэй болох байх. Харин
тэдний судалгааны лаборатори багаж техникийн хувьд сайн юм байна.” гэж доктор
Ричардсон өгүүлсэн байна.
2008 онд McKinsey
Global хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2025 он гэхэд Хятад улс дэлхийн
түүхэнд хамгийн их хотожсон улс болох тооцоо гарчээ. Мөн тэр үед Хятадын
хүн ам одоогийнхоос 350 саяар нэмэгдэх таамаг дэвшигджээ.
“Хятад улсад өндөр
чанартай уургийн хэрэгцээ маш их байна. Иймд нэг үнээнээс авах сүүний хэмжээг
нэмэгдүүлэх, торойны хорогдлыг бууруулах, олон улсын мал аж ахуйн зах зээлд
өрсөлдөхийг эрмэлзэж байна.
Хятад хүмүүс маш хөдөлмөрч,
сурч мэдэхийн төлөө урагш тэмүүлсэн ард түмэн. Энэ нь АМЭХ Хятадын мал
эмнэлгийн салбарт болж буй үйл явдлыг байнга ажиглаж, оролцохыг хичээх шалтгаан
болж байгаа юм. Өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд бидний хамтарч ажилласан идэвх
зүтгэл аль аль талд маань үр ашгаа өгөх болно гэдэгт итгэлтэй байна.” гэж
доктор Корнегей мэдэгджээ.
No comments:
Post a Comment