2007 оны 5 дугаар сарын 29
Херпесвирүс уршигтай. Гэвч уг вирүсийн
өвөрмөц омгийн далд хэлбэрийн архаг халдвартай хулганууд зарим бактерийн эсрэг
тэсвэртэй болох нь тогтоогдсон тул бүх херпесвирүсийг муу гэж гоочилж болохгүй
нь.
Хомхой (en.wikipedia.org) |
Салхин цэцэг (www.hhpharmacy.co.uk) |
Бараг хүн болгон хүүхэд байх үедээ энэ
вирүсийн халдварт өртдөг. Хурц хэлбэрээр өвчлүүлснийхээ дараа вирүсийн ихэнх нь
нуугдмал байдалд шилжиж, эзэн амьтныхаа биед насан туршид нь орогнодог байна.
Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь салхин цэцэг, цэврүүт үлд, мононуклеозоор
өвчилдөг ч зарим тохиолдолд хорт хавдар (тунгалаг эсийн хавдар зэрэг)-т өртөх, ДОХ-той хүн сохрох, эхчүүд төрөлхийн дүлий хүүхэд төрүүлэх нь ч бий.
Гэвч Миссуригийн Гэгээн Луис дах Вашингтоны
Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Херберт Виржиний баг херпесвирүсүүдийг
зөвхөн сөрөг үр дагавартай гэж үзэж болохгүйг тогтоосон байна.
Тэдний туршилтаар хулганы херпесвирүсийн
нэгэн хэвшлээр халдварласан хулганууд хяналтын бүлгийг бодвол тархины үрэвсэл,
тархины зөөлөн хальсны үрэвсэл болон тарваган тахал үүсгэгч бактеруудад илүү
тэсвэртэй байжээ.
Гэхдээ бүх херпесвирүс бактерийн эсрэг
тэсвэрт чанар бий болгохгүй гэдгийг судалгааны багийн зүгээс онцлон тэмдэглэсэн
байна. Цэврүүт үлд үүсгэдэг хэвшил нь хамгаалах чадварыг дэмжихэд оролцдоггүй
бололтой. Бүрэн судлагдаагүй хэдий ч тэдний таамаглаж байгаагаар салхин цэцэг
үүсгэдэг хэвшил ч мөн дархлааг дэмждэггүй юм байна. Түүнчлэн хулганы херпесвирүсийн
зөвхөн хурц халдвар өдөөгөөд л намждаг мутант омгоор халдварласан хулганууд
бактерийн эсрэг тэсвэртэй болох нь нотлогдсонгүй.
“Хэрэв херпесвирүс биднийг бактерийн
халдварын эсрэг бэлтгэлтэй байхад тусалдаг юм бол тэдний эмгэг төрүүлэх чанар
нь гэдэсний бактерийнх шиг симбиоз хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Энэ нь херпесвирүс
болон хүний хооронд “хайр-үзэн ядалт”-ын харилцаа хэр удаан үргэлжилснийг
асуухад хүргэж байна. Үгүйдээ гэхэд зарим хүмүүсийн “хэвийн” дархлааны
тогтолцооны нэг хэсэг нь энэ вирүс байж магадгүй.” гэж Виржин дурьджээ.
Ийнхүү эрт дээр үед хөхтөн
амьтан, шувуу, мөлхөгчдийн ерөнхий өвгийг халдварлуулж байсан нэгэн омгоос
үүссэн цагаасаа хойш 100 гаруй сая жилийн нүүрийг үзсэн херпесвирүсүүд хүний
хамгаалах тогтолцооны хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй аж.
No comments:
Post a Comment