2007 оны 10 дугаар сарын 30
Урьд хожид үзэгдээгүй үхэл тарьсан 1918 оны
томуугийн эпидемийн шалтгааныг тайлбарлахуйц нэгэн уургийг нээжээ. Энэхүү нээлт
нь дэлхий нийтийг хамарсан цартахал үүсгэх хамгийн их эрсдэлтэй томуугийн
вирүсүүдийг илрүүлэхэд халдварт өвчин судлаачдад туслах юм байна.
1918 оны Испанийн томуугаар 40-100 сая хүн
нас барсан гэж үздэг. Эдгээр хүмүүсийн зарим нь вирүсийн золиос болсон бол олон
үхлийн шалтгаан нь уушигны гэмтлийн улмаас хатгалгаа болж хүндэрсэнтэй
холбоотой байлаа. Гэвч яагаад энэ вирүсийн үхүүлэх чадал тийм өндөр байв? Үүнд
шувууны томуугийн H5N1 болон томуугийн бусад олон вирүст байдаг PB1-F2 уураг зарим
хариуг өгөх бололтой.
1918 оны эпидемид PB1-F2 уургийн гүйцэтгэсэн үүргийг тодруулахын
тулд Мемфис дэх Гэгээн Иудын Хүүхдийн судалгааны эмнэлгийн вирүсологич Жонатан
Маккаллерсээр ахлуулсан баг томуугийн вирүсийн хулганы омгийг генетикийн
аргаар 1918 оны омгийнхтой ижил PB1-F2 уурагтай болгож өөрчилсөн байна.
Судлаачид энэхүү өөрчлөгдсөн вирүсийг өндөр тунгаар хулганы хамарт дусаахад 8
өдрийн дотор бүгд үхсэн бөгөөд өөрчлөгдөөгүй PB1-F2 уураг агуулсан ижил
вирүсийг адил тунгаар хүртсэн хулгануудыг бодвол уушиг нь илүүтэй үрэвссэн байжээ.
Бас өөр нэгэн туршилтаар томуугийн өөрчлөгдсөн вирүсийг үхлийн
бус тунгаар хулганад олгосны дараа уушигны хатгалгаа үүсгэгч бактер болох Streptococcus pneumoniae-гаар
халдварлуулахад бүгд уушигны хатгалгааны хүндэрсэн хэлбэрээр 4 хоногийн дотор
үхсэн тухай Cell Host &
Microbe сэтгүүлд мэдээлсэн байна. Үүний эсрэгээр, өөрчлөгдөөгүй
вирүс олгосон хулгануудын 80 хувь нь уушигны хатгалгаа үүсгэгч бактераар
халдварлуулснаас хойш 4 хоногийн хугацаанд амьд байсан бөгөөд 20 хувь нь
туршилт дууссан 14 дэх хоног дээр ч үхээгүй байна.
“Энэ бол 1918 оны эпидем аюултай байсан томоохон
шалтгаануудын нэг юм. Учир нь PB1-F2 уураг нь уушгийг үрэвсүүлэн
гэмтээж бактерийн хүндрэл үүсэх боломж
олгосон байна. Томуугийн вирүсийн хоруу чанарыг PB1-F2 уураг хэрхэн нэмэгдүүлж
байгаа нь тодорхой бус байгаа ч вирүсийг дарангуйлах эм боловсруулахдаа энэхүү
уургийг онилох боломжтой.” гэж Маккаллерс
мэдэгджээ.
No comments:
Post a Comment