Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/27

Хувиргаж өөрчилсөн уургаар элэгний хатуурлыг эмчлэх боломж

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 1 дүгээр сарын 7
Эмчлэх аргыг нь хараахан боловсруулаагүй элэгний хатуурлын улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 800,000 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий.
Хэвийн болон хатуурсан элэг (depts.washington.edu)
Калифорний Их сургуулийн Сан-Диего дахь салбарын судлаачид амьтан дээр хийсэн туршилтаараа элэгний хатуурлыг зогсоохоор үл барам бүр эдгээх боломжтойг баталжээ. PLoS Online-ий 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаарт нийтлэгдэх тэдний бүтээл нь вирүсийн гаралтай элэгний үрэвсэл, элэг өөхлөх, элэгний хатуурал, уушигны хатуурал, арьсны хатууралт өвчин болон түлэгдэлт зэрэг эд хэт сорвижих эмгэгүүдийг эмчилж эдгээх үүд хаалгыг нээсэн байна.
Зургаан жилийн өмнө тус их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судалгааны баг элэгний хатууралд хүргэдэг ширхэглэг эдийн хэт ургалтын шалтгааныг тодорхойлж, эд хэт сорвижих үзэгдлийг зогсоох арга боловсруулан хулгана дээр туршжээ.
Энэ удаа Мартина Бак болон Марио Чожкиэр нар сорвижсон эдийн хэт ургалттай холбоотой уурагт хориг тавихад эрхтэн хатуурах үйл явц зогсдог төдийгүй гэмтсэн зарим эс буцаж сэргэдгийг илрүүлсэн байна. Элэгний гэмтлийн үед, жишээ нь согтууруулах ундааны улмаас үүссэн элэгний хатуурлын үед өөхөн эс хэмээгддэг элэгний од хэлбэрт эс (hepatic stellate cell/HSC) исэлдэх процессын ачаалалд орсноос идэвхжиж их хэмжээний коллаген үүсдэг. Шарх эдгэрэхэд коллаген хэрэгтэй ч хэт ихэдвэл эд сорвижих аюул дагуулна. RSK (ribosomal S6 kinase) хэмээх уургийн идэвхижлийг дагаж хатуурал үүсгэгч элэгний од хэлбэрт эс идэвхиждэг. Иймд RSK уургийг онилж, түүний идэвхжилд нь хориг тавих саатуулагч пептид боловсруулж хулгана дээр туршжээ.
Туршилтанд элэг гэмтээдэг хорыг удаан хугацаанд олгож элгийг зохиомлоор хатууруулах арга ашигласан байна. Дан элэгний хор олгосон хулгануудыг хяналт болгож үлдээгээд бусад хулганад хорны хажуугаар RSK уургийг саатуулагч пептидыг давхар олгоход пептидүүд нь RSK уургийн идэвхижлийг саатуулснаар элэгний од хэлбэрт эс хэт олширохыг зогсоож чаджээ. Түүнчлэн пептидүүд нь хэвийн эсийг бус харин элэгний хатуурал үүсгэдэг эсүүдийг сонгон устгагч” (cysteine-aspartic protease/ caspase) уургийг шууд идэвхжүүлсэн байна.
“Элэгний хорыг дангаар нь олгосон хяналтын хулгануудын элэг нь ноцтой хатуурсан байхад RSK уургийг саатуулагч пептид хэрэглэсэн хулгануудын хатуурал маш бага, заримд нь бүр огт үүсээгүй байсан. RSK уургийг саатуулагч пептид нь хэт их коллаген үүсэх урвалд хориг тавьдаг ч элгэнд ямар нэг хор үзүүлэхгүй. Энэ нь эсүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тэдний хэт олширохыг нь хяналтандаа авч байна гэсэн үг. Ийнхүү элэгний од хэлбэрт эсийг үхүүлж гэмтсэн болон хатуурсан элгийг хэвэнд нь оруулах боломжтой.” гэж Бак мэдэгдсэн байна.
Судлаачид эрүүл хүмүүсийг бодвол элэгний од хэлбэрт эс нь идэвхжиж элэгний хүнд хэлбэрийн хатууралтай болсон хүмүүсийн RSK уураг мөн идэвхижсэн байдгийг тогтоожээ.
2001 онд Бакын баг C/EBP beta хэмээх зохицуулагч уураг нь ширхэглэг эдийн ургалтанд буюу гэмтэл болон өвчний дараа эд хэт сорвижиход чухал үүрэгтэй болохыг нээсэн аж. Хэвийн сорвижилт явагдаж дууссан ч ширхэглэг эд үргэлжлэн хэт ургаснаар дотор эрхтэнүүдэд эв хавгүй сорви буюу бөглөрөл үүсэж өвчлүүлдэг. Иймд Бак нөхдийн хамтаар энэ ширхэглэг эдийн хэт ургалтыг зогсоох чадвартай мутацид оруулсан уургийг бүтээсэн байна.
“Зургаан жилийн өмнө бид хэт сорвижилтоос урьдчилан сэргийлэх, улмаар түүнийг зогсоох аргыг амьтан дээр туршиж харуулсан. Харин бидний сүүлчийн нээлт нь гэмтсэн эдийг сэргээж болохыг баталлаа.” гэж Бак мэдэгджээ.

No comments:

Post a Comment