Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/17

Хачигны шүлс: Лаймын өвчний эсрэг вакцины шинэ бай

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 12 дугаар сарын 1
Хачигны шүлсэн дэх уургийг Лаймын өвчний эсрэг шинэ төрлийн вакцины бай болгох боломжтой ажээ. Йелийн Их сургуулийн Ховард Хьюзын Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж авсан хачигны шүлсэн дэх уургийн эсрэг ийлдсийг хулганад туршихад хачгаар дамждаг Лаймын өвчин үүсгэгч Borrelia burgdorferi (B. burgdorferi) бактераар халдварлах магадлалыг ихээхэн бууруулж чаджээ.
Borrelia бактер (en.wikipedia.org)
Ixodes scapularis хачиг
(en.wikipedia.org)
"Бухын нүд" хэлбэрт тууралт (en.wikipedia.org)

Лаймын өвчний халдвар авсан хүний биеэр гарсан тууралт аяндаа арилдаг боловч хүндэрсэн тохиолдолд халуурах, дагжин чичрэх, үе мөчөөр хавдах, бадайрах, бие сулрах шинж тэмдэг илрэхээс гадна зүрхний эмгэг үүсдэг байна.
Уламжлалт вакцинуудын бай нь эмгэг төрүүлэгчийн гадаргуу дээрх өвөрмөц уураг байдаг. Харин Cell Host & Microbe сэтгүүлийн 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн шинэ судалгаагаар вакцин нь эмгэг төрүүлэгчийн бус харин халдвар дамжуулагчийн молекулыг онилж болохыг тогтоосон бөгөөд үүнийг Лаймын өвчнөөс гадна хумхаа, дэнгэ халуурал болон бусад хачиг, шумуул зэрэг үе хөлтнөөр дамждаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд ашиглах боломжтойг Ховард Хьюзын Анагаах ухааны хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч Эрол Фикриг мэдэгдсэн байна.
Хачиг хазах үед эзэн амьтанд дамжиж халдсан Лаймын өвчин үүсгэгч бактер нь өөрийгөө уургаар бүрхэж дархлааны тогтолцоонд танигдахгүй болдог. Энэхүү бүрхэгч уураг нь хачигны шүлсэнд байдаг бөгөөд B. burgdorferi бактерийг тээсэн хачиганд харьцангуй их хэмжээгээр ялгардаг байна.
Хачиг бол зөвхөн тариур биш. Хачигны шүлс нь түүний 5-6 өдрийн хэрэгцээний цусыг эзэн амьтнаас мэдэгдэлгүйгээр сорж авахад тусалдаг мэдээ алдуулагч бодисоос гадна цус бүлэгнэхээс сэргийлдэг шингэлэгч агуулдаг. Түүгээр үл барам эмгэг төрүүлэгч агуулсан хачигны шүлсний найрлага өөрчлөгддөг байна.
Хачигны шүлсэнд түүнийг сүүн тэжээлтэн амьтдын дархлааны Т-эсүүдээс хамгаалдаг Salp15 хэмээх уураг байдаг бөгөөд Лаймын өвчин үүсгэгч бактер энэхүү уургийн ялгаралтыг нэмэгдүүлж, эзэн амьтны дархлааны тогтолцооноос нуугдахдаа ашигладаг ажээ.
Судлаачид Salp15 уургийн дархлаа төрүүлэх чанарыг туршихын тулд түүний эсрэг ийлдсээр хэсэг хулганыг тарьсан байна. Харин хяналтын бүлгийн хулгануудад идэвхгүй ийлдэс ашиглажээ. Нэг хоногийн дараа дээрх бүх хулганыг Salp15 уургаар бүрхэгдсэн B. burgdorferi бактераар халдаахад нэг долоо хоногийн дараа хяналтын бүх хулгана Лаймын өвчний шинж тэмдэг үзүүлсэн бол Salp15 уургийн эсрэг ийлдэс олгосон хулгануудын зөвхөн тал хувь нь өвчилсөн байж. Гэвч өвчилсөн нэгнийх нь биед халдсан B. burgdorferi бактерийн тоо хяналтын хулгануудынхыг бодвол харьцангуй цөөн байсан нь тодорхой хэмжээнд хамгаалсныг харуулсан байна. Гурван долоо хоногийн дараа Salp15 уургийн эсрэг ийлдэс хүртсэн хулгануудын 40 хувь нь халдвараас эрүүл байсан бөгөөд үлдсэн хэсэг нь хяналтын бүлгийнхийг бодвол зүрх, үе мөчиндөө Лаймын бактерийг цөөн тоогоор агуулж байжээ.
“Өвчин дамжуулагчийн уургийг онилсон вакцин бүтээх нь эмгэг төрүүлэгчийг ашиглаж хийсэн уламжлалт вакцины үр дүнг дээшлүүлэх ач холбогдолтой. Дэнгэ вирус болон хумхаагийн эсрэг өндөр үр дүнтэй вакцин хараахан байхгүй байна. Жишээлбэл, өвчин дамжуулагчийн эсрэг 50 хувийн үр дүнтэй, эмгэг төрүүлэгчийн эсрэг 40-50 хувийн үр дүнтэй маш сайн хос цэнэт вакцин боловсруулах гэх мэтээр өвчин дамжуулагчийн Salp15 уургийг эмгэг төрүүлэгчийг онилсон вакцинтай хослуулж үйлчилгээг нь сайжруулж болох юм.” гэж Фикриг үзжээ. Энэхүү таамаглалаа туршихын тулд Фикригийн баг эмгэг төрүүлэгч ашиглаж хийсэн Лаймын өвчний эсрэг вакцинд Salp15 уургийн эсрэг ийлдсийг хавсаргасан байна. 1990-ээд оны эхээр боловсруулсан уг вакцин нь B. burgdorferi бактерийн гадна бүрхүүлийн А уураг буюу OspA-гийн эсрэг дархлаа үүсгэдэг. Энэхүү вакцин нь АНУ-ын зах зээлд 1998-2002 оны хооронд худалдаалагдсан ч GlaxoSmithKline эмийн үйлдвэрийн зүгээс борлуулалт муутай хэмээн үзэж гүйлгээнээс хассан байна. 2009 оны эхээр Future Microbiology сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ Фикриг уг вакцины болзошгүй гаж нөлөөг харгалзаж үзсэнтэй холбоотойгоор GlaxoSmithKline ийм шийдвэр гаргасан байх гэж дурьджээ.
Cell Host & Microbe сэтгүүлд нийтлэгдсэн Фикригийн багийн бас нэгэн туршилтаар Salp15 уургийн эсрэг ийлдсийн бага тунг OspA уургийн моноклонал эсрэгбиемийн хамгаалах тунгаас доогуур тунтай холиод хэсэг хулганад тарьсан байна. Хяналтын хулгануудыг дээрх хоёр бэлдмэлийн аль нэгээр нь хамгаалах болон түүнээс доогуур тунгаар тарьжээ. Дараа нь хулгана бүрийг Лаймын өвчин үүсгэгч бактер агуулсан 10 хачгаар халдаахад OspA уургийн моноклонал эсрэгбием болон Salp15 уургийн эсрэг ийлдсийн холимгийг бага тунгаар хүртсэн хулганууд энэ хоёр бэлдмэлийн аль нэгийг бага тунгаар хэрэглэсэн хяналтын хулгануудаас хамгаалах идэвхээр илүү байсан бөгөөд тэдний 25% нь л Лаймын өвчний шинж тэмдэг үзүүлсэн байна. Мөн тэдний зөвхөн 20 хувийнх нь үе үрэвссэн бөгөөд хяналтынхыг бодвол үрэвслийн хэмжээ бага байсан байна. Түүнчлэн эдгээр хулганууд спирохетийн халдварт хамгийн бага өртжээ. Үүний эсрэгээр зөвхөн OspA уургийн моноклонал эсрэгбиемийг бага тунгаар олгосон хулгануудын 90%, ямар нэгэн хамгаалах бэлдмэл огт хүртээгүй хулганууд 100% B. burgdorferi бактераар халдварласан байна.
Нэмэлт туршилтын хүрээнд лабораторит гаргаж авсан Salp15 уургаар хулгануудыг тарихад эсрэгбием үүсч хачгаар халдааснаас хойш 3 долоо хоногийн дараа 40 хувьд нь халдварын ямар нэг шинж илрээгүй бол хяналтын хулганууд 95-100% халдвар авсан байжээ.
Хулгануудыг Salp15 болон OspA-гаар нэгэн зэрэг тарихад бүр илүү үр дүнтэй байсан бөгөөд 80% нь халдвар аваагүй байна.
Фикригийн баг ийм нийлэмж вакцин нь хумхаа өвчний эсрэг үр дүнтэй эсэхийг туршиж эхлээд байгаа юм байна

No comments:

Post a Comment