2011 оны 6 дугаар
сарын 15
Германд дэгдсэн дотрын
цусархаг халдвар үүсгэгч Escherichia coli (EHEC/enterohaemorrhagic
E.coli) нян нь урьд нь хүнээс өсгөвөрлөгдөж байгаагүй шинэ омог болохыг
тогтоосон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Хүнсний аюулгүй
байдлын асуудал эрхэлсэн хэлтсээс мэдэгджээ. Шинэ нянгийн геномын дарааллыг
нарийвчлан судалж буй эрдэмтэд одоогийн байдлаар 1,500 гаруй хүнд халдварлаж 18
хүний амь насыг авч одсон энэ омог яагаад ингэж олон хүнийг өвчлүүлж байгааг
илрүүлэх түлхүүрийг олсон байна.
Уг нян түүнийг олон
төрлийн антибиотикт тэсвэртэй болгодог өргөн хүрээний β-лактамаза энзим
ялгаруулдаг онцлогтой аж. Ер нь E.coli нянгийн халдвар авсан
өвчтөнүүдийг антибиотикоор эмчилдэггүй нь түгээмэл үзэгдэл. Учир нь
антибиотикоор үйлчлүүлэхэд E.coli shiga хэмээх хор ихээр ялгаруулж,
цус задрал-цус шээстэхийн хам шинжээр хүндрэл үүсгэн амь насанд аюул учруулж
болзошгүй гэж үздэг байна.
ЕНЕС нянгаар үүссэн дэгдэлт ихэвчлэн 2 долоо хоног
үргэлжилдэг бол энэ удаагийнх 5 дугаар сарын 1, бүр түүнээс ч өмнө эхэлж одоо
хүртэл үргэлжилсээр байна. Халдварлагсдын тоо нэмэгдсээр байгаа хэдий ч
халдварын эх уурхай оньсого хэвээр ...
Роберт Кохын
хүрээлэнгийн эпидемиологичид уг халдварт өртөж өвчилсөн болон эрүүл
эмэгтэйчүүдэд судалгаа явуулж өвчилсөн эмэгтэйчүүд хяналтын бүлгийг бодвол халдвар
авахаасаа өмнө улаан лооль, өргөст хэмх, ногооны салад илүүтэй хэрэглэсэн
болохыг тогтоожээ. Гэвч ногоо халдвар тараасан эсэх, хэрэв тийм бол чухам ямар
ногоо вэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн байна.
Халдвар анх Испаниас
импортоор оруулж ирсэн өргөст хэмхнээс тарсан гэж мэдээлж байсан нь ташаа зүйл
болжээ. Өргөст хэмхэнд нянгийн хор агуулагдаж байсан хэдий ч “хэргийн эзэн” нян
өөрөө илрээгүй байна.
“Энэ омог ямар ч
амьтнаас илрээгүй тул гадаад орчноос хүнд шууд халдварласан байх талтай” гэж
Копенхаген дахь ДЭМБ-ын Escherichia, Klebsiella
нян судлалын лавлах төвийн тэргүүн Флеминг Шойц мэдэгдсэн байна. Берлины Чөлөөт их сургуулийн
мал эмнэлгийн микробиологич Лотар Виелер энэ онолд хянуур хандаж байгаа ч
хүлээн зөвшөөрчээ. Уг нянд антибиотикоос гадна түүнийг эрдэс теллурит (теллурын
диоксид)-д тэсвэртэй болгодог ген агуулагддаг байна. Теллурын оксидуудыг
антибиотик бий болохоос өмнө уяман (leprosy), сүрьеэ зэрэг нянгаар
үүсдэг өвчнүүдийн эсрэг эм болгон хэрэглэдэг байж. Ийнхүү теллурыг эмчилгээний зорилгоор
хэрэглэсний улмаас, мөн уул уурхай, электроникийн үйлдвэрлэлд ашигладаг
болсноос хойш зарим омог түүний эсрэг тэсвэртэй болж гадаад орчинд ихээр
үржсэн байж болох аж.
ЕНЕС нян ихэвчлэн хүүхдүүдэд хүйсийн ялгаагүй
халдварладаг бол энэ удаагийн “дайралтад” голдуу насанд хүрэгсэд, ялангуяа
эмэгтэйчүүд өртөж байгааг залуу бүсгүйчүүд ногооны салад түлхүү хэрэглэдэгтэй
холбож тайлбарласан байдаг. Виелер уг тайлбарыг үгүйсгээгүй хэдий ч энэхүү нянд
насанд хүрэгчдийг халдварт мэдрэмтгий болгодог биологийн өвөрмөц шинж байна гэж
тааварлаж буйгаа илэрхийлжээ.
Уг омогт нянг гэдэсний
эстэй холбох үүрэг бүхий интимин уургийг кодолдог еае ген байдаггүй аж.
Лондонгийн Империал коллежийн микробиологич Гад Франкел “Дээрх омгийн геном нь E.coli
нянгийн наалдаж холбогдох механизмын талаар илүү их мэдээлэл өгнө гэдэгт найдаж
байна. Зарим эмгэг төрүүлэгч нян бидний гэдэсний эстэй холбогдоод зогсохгүй
зарим ногоонд ч идэвхтэй наалдах чадвартай байдаг. Энэхүү шинэ омог наалдуулагч
уургуудын комбинацийг бий болгож, хүнсний бүтээгдэхүүн болон хүний биеэс хялбар
салдаггүй байж болох юм.” хэмээн өгүүлсэн байна.
No comments:
Post a Comment